Хүүхдийг Ивээх Сан, “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байна. Энэ уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” болон Индонезийн “SURYA Institute”-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.

Business leader standing on arrow and holding flag flat vector illustration. Cartoon people training and doing business plan. Leadership, victory and challenge concept

Уламжлал болон 5 дахь жилдээ зохион байгуулагдсан уралдааныг Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулж, 4 дүгээр сарын 26-нд дүнгээ гаргаж, ялагчдаа тодрууллаа. Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны 1-р шат 2021 оны 3 дугаар сард явагдаж, 2-р шатанд шалгарсан  23 баг 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.00 цагаас оройны 19.00 цаг хүртэл 12 цагийн хугацаанд цахим орчинд өрсөлдсөн юм.

Багууд “Ковид-19 урт хугацаанд үргэлжилж, түүний хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг үр дагаврууд өсөн нэмэгдсээр байна. Урт хугацаанд Ковид-19-тэй зэрэгцэн амьдарч буй (магадгүй үргэлжилсэн хөл хорионд) энэ нөхцөлд хүн амын эрүүл мэндэд үр дүнтэйгээр санаа тавих цахим, инновацлаг бизнесийг санал болгоно уу. Таны санаачилсан бизнес хүн төрөлхтний аль ч төрлийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх зориулалттай байж болно. Өөрийн санал болгож буй бизнесээр дамжуулан шийдэх эрүүл мэндийн асуудлыг нарийвчлан тодорхойлж, бизнесийн зорилтот бүлгээ тодорхойлно уу. Танд хэрэгцээтэй санхүүжилтэд хязгаар тогтоогоогүй, өнөөдрийн байдлаар нотлогдож, нээгдсэн байгаа шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашиглах боломжтой” гэсэн даалгаврыг биелүүлж, бизнес төлөвлөгөө, бизнесийнхээ танилцуулгыг бэлтгэж өрсөлдөв. Үндэсний болон олон улсын гэсэн 2 шугамаар монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараахь багууд бусдыгаа тэргүүллээ.  

Монгол хэлээр явагдсан “Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан”-д:

  • Ялагч: ALTERNATIVE баг (Томужин альтернатив сургуулийн сурагчид)
  • II байр: BUD POWER баг (44-р сургуулийн сурагчид)
  • III байр: COGNOSCENTI баг (Хобби сургуулийн сурагчид)

Харин англи хэлээр олон улсын уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн 12 багаас дараахь 3 баг тэргүүлж, Япон улсын Токио хотноо 5 дугаар сарын 29-нд болох олон улсын уралдаанд орох эрхээ авлаа.

Ялагч: THE BRIDGE баг (Сант болон Орчлон сургуулийн сурагчид)

II байр: MONSAMURAI TECHNOLOGIES баг (1, 11, 84, 76, Орчлон, Шинэ Монгол Косен, Бритиш Скүл сурагчид)

III байр: FOCUS баг (44-р сургуулийн сурагчид)

“Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанд түрүүлсэн Alternative багийн ахлагч Томужин альтернатив сургуулийн 10-р ангийн сурагч Т.Намуун “Уралдаанд анх удаа оролцлоо. Түрүүлнэ гэж бодоогүй, туршлага хуримтлуулах, энтрепренершипийн мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой байсан. Өрсөлдөгч багууд сайн байлаа. Дараа жил олон улсын эрхийн төлөөх уралдаанд оролцох зорилготой байна” хэмээн ярилаа. Мөн THE BRIDGE багийн ахлагч Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ангараг “Анх удаа уралдаанд оролцлоо. Манай бизнесийн санаа сэтгэл зүйн талын хандлагатай байсан. Гэтэл өрсөлдөгчид адил бизнесийн санаа гаргаж, өрсөлдөөн ихтэй болсон” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Өмнөх 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн англи хэлээр зохион байгуулагдаж байсан тус тэмцээн энэ жил анх удаа Монгол Улсын хэмжээнд монгол хэлээр  явагдсан юм. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий аймгийн САНА баг, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Future Star баг, Төв аймгийн Зуунмод хотоос Growth баг, Завхан аймгийн Түдэвтэй сумаас “Хөгжлийг бүтээгчид” багууд идэвхтэй, амжилттай оролцсонд зохион байгуулагчид зүгээс баяртай байлаа. Эдгээр багуудаас Зуунмод хотын Growth баг Үндэсний уралдааны 4-р байр эзэлсэн юм.

Сурагчид Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанаас тулгамдсан асуудалд өсвөр үеийнхэн хамтран шийдэл хайх нь ямар ач холбогдолтой, энтрепренер сэтгэлгээг түгээснээр нийгэмд ямар дэвшил авчирдаг талаар ойлгож, ирээдүйг илүү гэрэлтэй, өнгөлөг болгох хүсэл тэмүүлэлдээ хүрэх арга хэрэгсэл, ур чадваруудаа олж авдаг.