Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 онд Youth Business International (YBI) Олон улсын байгууллагын төв азийн анхны гишүүнээр элсэн нийгэмд ээлтэй, эдийн засгийн үр ашиг бий болгоход чиглэсэн Залуусын Бизнесийг Дэмжих Санаачилга (Youth Business Mongolia) хөтөлбөр хэрэгжүүлэн залуусын гарааны бизнесийг эхлүүлэх, бичил, жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөр нь 18-аас 35 насны залуусыг нийгмийн энтрепренёр болгон хөгжүүлж бизнесээ эхлэх болон эрхлэхэд нь дэмжин ажиллах зорилготой билээ. YBI (Youth Business International) Олон улсын байгууллага нь 2025 он гэхэд 1 сая залуу энтрепренёруудыг дэмжин ажиллах зорилт тавин сургалт, менторинг, санхүүжилт болон харилцааны сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллгааг 50 гаруй оронд идэвхтэй явуулж байна.

Youth Business International (YBI) Олон улсын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн Энтрепренёр Залуучуудын Чуулган (Global Youth Entrepreneurship Summit) энэ жил 50 гаруй орноос ирсэн илч төлөөлөгчид Колумб улсын Картахина хотноо 2019 оны 6 дугаар сарын 10-аас 14-ний өдрийн хооронд чуулж байна. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхийн шилдэг мэргэжилтэн, судлаачдаас суралцах, бусад орны илч төлөөлөгч, тухайн салбарын шинийг санаачлагчидтай уулзаж, залуу бизнес эрхлэгчдийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээ, сорилт бэрхшээл, хүсэл эрмэлзлийг даван туулах шинэ арга замыг бий болгох, санал бодлоо солилцох, хамтран ажиллах, хэлэлцүүлэг хийх боломжийг олгож өгдгөөрөө онцлогтой юм. Улс орны өнцөг булангаас ирж нэгсэн Олон улсын Залуучуудын Бизнес Эрхлэгчдийн сүлжээний хамгийн том арга хэмжээ бөгөөд залуу бизнес эрхлэгчдийн хэрэгцээг хэрхэн хангах талаар туршлагатай мэргэжилтнүүд, хамтын ажиллагаа болон нийгмийн үйл ажиллагаатай холбоотой үндсэн илтгэлүүд, зөвлөлийн хэлэлцүүлэг, семинар болдог юм.

Тус чуулганы үеэр олгогддог “ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ЭНТРЕПРЕНЁР” өргөмжлөлийг Монгол улсаас нэр дэвшсэн Өмнөговь аймгийн залуу бизнес эрхлэгч Бурам овогтой Мөнхсүрэн хүртлээ. Б.Мөнхсүрэн нь 2017 оноос малчин эмэгтэйчүүдийн хамтаар мал аж ахуйгаас гадна нэмэлт орлогын эх үүсвэрээ бий болгохоор оёдлын үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн нь зөвхөн бизнес болоод зогсохгүй энтрепренёр шинжтэй болсон юм. Энтрепренёр гэдэг нь өөрийн гайхамшигт үлгэр дуурайллаар бусдын амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн боломжуудыг эрэлхийлэгч бүтээлч сэтгэлгээтэй эрсдэлийг тооцоотой даван туулагч юм.

Мөн Хөгжлийн Шийдэл ТББ нь бизнес менторингийн үйлчилгээг Монгол улсад амжилттай нэвтрүүлж өнөөдөр тус улсад ментронгийн талаар ойлголт, соёл маш өргөн хүрээнд хэрэглэх болсныг үнэлэн “ОНЫ ШИЛДЭГ МЕНТОРИНГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ” байгууллагаар шалгарлаа.

Дашрамд дурдахад тус байгууллагын Гүйцэтгэх Захирал Э.Бат-Орших нь Youth Business International (YBI) Олон улсын байгууллагын 2018-2019 оны Дэлхийн Энтрепренёр Залуучуудын Чуулган (Global Youth Entrepreneurship Summit)-ны зохион байгуулагч байгууллагын Зөвлөлийн Хорооны Даргын албан тушаал хашиж байгаа юм.